Гадаад сурч буй оюутны захидлын хариу

zahidal

Сайн байна уу? Эрхэм КТМС-ийн анд минь. 19 жил бахархаж, наанаа их шүүмжилдэг ч цаанаа сэтгэлээсээ ханддаг байсан сургууль маань нэрээ өөрчилж өмнөх шигээ байхгүй болсонд их л харамсаж байх энэ үеүүдэд эрхэм андаас майл аваад «өөрийн хичээлээрээ бахархсандаа» үүнийг зориуд цаг гарган бичлээ.

Юуны өмнө өөрийн бодож санадаг зүйлээ хуваалцаж, мэдэхгүй зүйлээ асуусанд их баярлалаа. Чиний мэдэхгүй зүйлийг чиний болон чиний дээд, доод олон үеийн хүмүүс мэдэхгүй, тодорхой хэлж мэдэхгүй байдаг ч хүнээс асуудаггүй, үл ойшоодог, эсвэл мугуйдлан мэтгэлцдэг байж магадагүй. АСУУЛТ гэдэг чухал зүйл. Асуултыг л ний нуугүй асууж байж мэдэхгүй, таагдашгүй, эсвэл тодорхойгүй зүйлийг онгойлгох түлхүүрийг олж онгойлно шүү дээ.

«bi hyatadad surdag yum tegeed onoodor manai bagsh mongol uls hyatadtai neg uls baisan tegeed tusgaar togtnoson, udahgui bas manaih bolno geed tegeed bi bagshtaigaa margaad» гэжээ.

tuuh

Юуны өмнө маргахдаа эхлээд мугуйдлалгүй, тодорхой түүх баримтаар ярьж хэлбэл илүү чухал.
Чиний мэдээлэл — мэдлэг хамгийн түрүүнд эх сурвалжтай байх хэрэгтэй. Түүний дараа чи өөрийн мэдээлэл, мэдлэгийг зөв цэгцэлсэн АРГУМЕНТ-аар ярих нь их чухал.
Багшийн өөдөөс, найз нарынхаа өөдөөс «Та ийм хэмжээний мэдлэгтэй байгаа чинь харамсалтай байна. Хятад бол аугаа их гүрэн, Хятадууд ч маш ажилсаг, ухаалаг, дэлхийн манлайлагч улсууд байдаг. Тиймээс би энд суралцахаар ирсэн. Надтай адил маш олон гадаад хүмүүс Хятадад сурдаг. Монголчууд бид хэзээд тусгаар бие даасан улс байсан. Түүхийн урт удаан жилийн тасралтгүй харилцааны үед бие биетэйгээ дайтаж, нэгдэж, эзлэгдэж байсан боловч бид одоогийн хятадад байдаг 4 үндэстний нэг улс шиг хэзээ ч байгаагүй. Өвөрмонгол, Шинжаан, Дээд монголын ах дүү нар маань Дэлхийн дайны хувь зохиолоор л Хятад улсын бүрэлдхүүнд байдаг ч ярьдаг хэл соёл, аж ахуй, дээдэлдэг түүхийг нь МОНГОЛчууд бид дэлхийд төлөөлөн авч явдаг. Үүнд тэд ч баяртай байдаг.

Танай улсын алдартай түүхч Сыма Цянь МЭӨ 150 онд “Түүхийн тэмдэглэл” гэдэг гайхамшигтай зохиолынхоо нэг хэсгийг бидний өвөг дээдэс ХҮННҮ-чуудэд зориулан бичихдээ тэд өмсөх зүйл, идэх зүйлээрээ биднээс тэс өөр, бүдүүлэг дорой гэж хэрхэвч хэлж болохгүй хатуу хууль, хүчирхэг цэрэг, сайн зэвсэг, эр чадалт морь, хүн ардтай гэж хэлснээсээ болж хуандидаа шийтгэгдэж байсан.

Мэдээж бид өмсөх зүйл, сайхан бараа бүтээгдхүүнээр үргэлжийн хомсддог байсан болохоор та нараар Цагаан хэрмийг бариулахад хүргэсэн ч дэлхийн гайхамшигт энэ барилга нүүдэлчдийн хүсэл зорилго, цэргийн хүчийг тогтоон бариагүй. Биднийг тухайн үед дэлхий ч тогтоон бариагүй. Монголчуудын хүчирхэг морин цэрэг улангассан дайн, дээрэм тонуулаас илүү амар амгалан байдлыг дэлхий дахинд авчирсныг түүхчид хүлээн зөвшөөрдөг. Өнөөдрийн даяарчлагдсан нийгэм, олон улсын харилцааг бидний өвөг дээдэс л байгуулж чадсaныг «толгой дээрээ алтан зоостой худалдаачин 100 мянган бээр өрнө дорноор явахдаа ширхэг үсээ ч хөндүүлээгүй” эх сурвалжийн мэдээгээр баталж болно. Хятадын ард түмэн ч мөн адил энэ амар амгаланг хүртсэн хүмүүс. Хятадын 400 жилийн аймшигтай хагарал, бутрал, дайн самууныг Монголчууд зогсоож, нэгдмэл соёлыг хөгжүүлэхэд тус нэмэр болсон. Бид тэр үед нэгдмэл байсан байх. Гэхдээ бидний манлайлал дор. Гэхдээ та бүхэнд ч бид баяртай байдаг. Биднийг уугуул иргэншлээ мартах вий хэмээн сануулж, Эх нутаг — тал нутаг руу нь явуулсанд бидний өвөг дээдэс биш, үр хойчис, хойт үе нь болох бид баяртай байдаг юм.

Түүнээс хойш та бүхэн нэгдмэл улс хэвээрээ оршин тогтносон нь Хубилай хааны үүсгэсэн их үйл хэрэг байсан байхаа…

Харин бид үүний дараа Манж нарын харъяанд хамт орсон. 300 жилийн турш Манж нар биднийг хамтад нь захирахдаа хамтраад бослого гаргахаас айж байсан нь их байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам Манж угсаатай нь Хятал угсаатан болж, Монгол угсаатай нь бие дааснаар бид тусгаар болсон 1911 оны түүх эхэлсэн. Тэр үед та бүхэн ч бидэнтэй адилхан тусгаар болсон адил түүхтэй.

Түүхийн энэ урт хугацааны түүхийг хүндэтгэж, танай улсын дарга Си Жиньпин өнгөрсөн 8 сард манай улсад айлчилж үнэр ялдам агь ганга, сэрүүн сайхан хангай, усны тунгалаг гол мөрөн, нүд алдам сайхан талыг онгоцны цонхоор хараад илэрхийлэх сайхан үгээ манай алдартай яруу найрагчийн
Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон гэж Хятадаар манай төрийн ордонд шүлэглэж «Бид хэзээд танай улсын тусгаар байдлыг үеийн үед хүндэтгэн үзнэ» гэж амалсан байдаг.

Тиймээс бид үргэлжийн бие биенээ хүндэтгэсэн сайн хөрш байна. Та олон хүүхдийг сурган хүмүүжүүлдэг багшийн хувьд энэ дээрэнгүй үгээ буцаан авч ангийн хүүхдүүдийн өмнө уучлал гуйвал их сайн байна гэж хэлээрэй.
Хятадаар сайн яриарай.

Түүхийн багш Д. Сэрдарам

 

www.facebook.com/photo.php?fbid=10152362579202536&;set=a.10150156219527536.284322.590742535&type=1