Олигархуудыг өмөөрөхүй

oligarhi

   Олигархууд аюултай, үнэн. Гэхдээ тэдэнгүйгээр бид амь гарахгүй, үнэн. Аюулыг нь алслуулж, ашгийг нь хүртэхийн тулд улс төрөө цэвэрлэж, хууль ёсоо сахих тухай л ярих ёстой болохоос ядуу 99 хувийг баян 1 хувийн эсрэг тавьснаар нийгэмд үзэн ядах, үл тэвчих үзэл газар авч, хуваагдахаас цаашгүй.

Хараал идсэн олигархуудыг өмөөрөхийн тулд улс төрийн хоосон лоозонг няхуурлан бодох учиртайг сануулахын тулд үүнийг тэрлэв, тольдон соёрх.

Гео-эдийн засгийн зэвсэг

Монгол Улс тавин жилийн дотор дэлхийн зах зээлд байраа бүрэн эзэлж авч чадахгүй л бол сөнөнө. Дэлхийн зах зээлд байраа эзэлнэ гэдэг бол манай аль нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлээс дэлхийн хамаарч байхыг хэлнэ. Ингэж байж бид сая даяар эдийн засгийн нэг хэсэг болно, нэг хэсэг нь болсноор бид амь гарч чадна.

Гэхдээ дэлхий дээр Хятад улс хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч, зээлүүлэгч улс болж байгаа үед энэ бол нэг талаар хэцүү зорилт. Хятадын эдийн засаг ийм хурдан тэлж байгаа үед Монгол живээд л дуусна, Хятадыг тойроод байгаа бусад орон ч манайхаас нэг их ялгаагүй нөхцөлд байна. Хятадын төрийн өмчит том том корпорцууд (ТӨК) төрийн бодлогынхоо зэвсэг болж, энэ гариг дээр хаана нөөц байна, тэнд том том хөрөнгө оруулалт хийж, ажиллах хүчнээ илгээж, улмаар нөлөөгөө аажим аажмаар тэлж байна. Оросууд ч Хятадын загварыг дуурайж, олигархуудаа няц дараад, хөрөнгийг нь нийгэмчилж, ТӨК гэдэг стратегийн мундаг зэвсэгтэй боллоо. ТӨК зэвсэг байгаа тохиолдолд улс төрөөр дамжиж баяжих сэдэл хүн болгонд төрнө, тэр нь алсдаа авлига, хээл хахууль, алаан талааны үндэс болж, улс төр нь золионд гарч магадгүй, гэхдээ л одоохондоо энэ хоёр улс ТӨК-өөр дамжуулан гео-эдийн засгийн гайхалтай бодлого маш чадварлаг явуулж байна.

Харин дэлхийн зах зээлийн нэг хэсгийг эзлэх гол зэвсэг, гео-эдийн засгийн зэвсэг бол манай олигархууд л байх болно, тэд л хамгийн том, хамгийн хэцүү ачааг нуруундаа үүрэх ёстой. Хятад, Оросын адил ТӨК байгуулж, түүгээрээ тэдний эсрэг зогсоно гэдэг авлига, улс төрийн сунжирсан хэрүүлээс өөр үр дүнд хүргэхгүй, бүр ардчиллыг маань бүрэлгэж, эрх чөлөөг маань устгах ч аюулд хүргэж магадгүй. Тиймээс ТӨК биш, харин манай олигархууд л жадны маань үзүүр, илдний маань ир болно.

Зөвхөн Үндэстэн дамнасан компаниуд (ҮДК) л дэлхийн зах зээл дээр өрсөлддөг болохоос жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ (ЖДҮ) өрсөлдөж чаддаггүй. ҮДК хэзээ ч цул байдаггүй, дотроо бас эрэг шургаас бүтдэг, тэр эрэг шураг нь ЖДҮ юм. Түүнээс гадна, ЖДҮ ажилгүйдлийг багасгах, хүн амын бүтээлч шинжийг урамшуулж байдаг нийгмийн ач холбогдолтой. Харин “тулаанд зөвхөн шонхорууд л ниснэ”.

Зохицуулна гэдэг хориглоно гэсэн үг биш

Мөнгө хаана эргэлдэж байна вэ гэвэл олигархуудад эргэлдэж байна. Энэ олигархуудыг бид устгах ёсгүй, харин “зохицуулах” ёстой юм. “Зохицуулна” гэдэг бол коммунистуудын ойлгодог шиг “хориглох”, “хаах”, “цээрлүүлэх” биш. Зохицуулна гэдэг бол ажлыг нь зөв чиглэл рүү зална, хазайх вий гэж хянана гэсэн үг.

Үндэснийхээ хөрөнгөтнүүдийг бид л «олигарх» гэж хараагаад байгаа болохоос тэд л манай үндэсний ҮДК-г байгуулж, улсыг хөгжүүлэх хөдөлгүүр мөн. Гагцхүү тэднийг зөв “залах” хэрэгтэй. . Төр, түүний дотор УИХ, ЗГ олигархуудыг ард түмний хүсэл зоригийн дагуу залах үүрэгтэй, шүүх, хууль хамгаалах байгууллага үйл ажиллагаа нь хуулийн хүрээнээс халих вий гэж хаших үүрэгтэй, ТББ, иргэний нийгэм олигархуудын ажилд “ёс суртахууны үнэлэмж” өгч, шаардлага тавих үүрэгтэй. Эс бөгөөс олигархууд “гинжнээсээ мултарсан нохой” шиг энд тэндгүй хэсч, тааралдсан болгоноо хувь ашгийн төлөө хэмлэж, боомилж явдаг мангас болно.

Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж байгаа нь энэ гэж бусдын колони болж, ардаа дарлаж болохгүй, үүнээс сэргийлэхийн тулд ардчилал хэрэгтэй. Бирмийн засгийн газрыг гартаа атгасан цэргийнхэн Зүүн өмнөд Азийн хар тамхины наймаачин мафитай сүлбэлдэж, тариалангаа хамгаалахын тулд ард түмнээ боолчилж, эрхийг нь хөсөрдүүлдэг шиг олигархуудаа хамгаалж байна гээд Монголчуудыгаа мөлжиж, эрх чөлөөг нь устгаж, ядуурлын балчигт унагачихвал олигархуудыгаа дэмжсний хэрэг гарахгүй.

Тэднийг улс төр, хууль, шүүхийн чанга хяналтад байлгахын тулд ардчилал бидэн зайлшгүй хэрэгтэй. Олигархууд бол шүлсээрээ тор нэхдэг аалз шиг авлигаар тор нэхэж, улс төрчдийг талдаа татдаг, энэ бол олигарх, аалз хоёрын мөн чанар. Гэхдээ бид ардчиллыг хадгалж чадвал дөрвөн жилдээ нэг удаа улс төрд их цэвэрлэгээ хийж, аалзны татсан торыг арчиж, цэвэрлээд байж дөнгөнө.
Үндэснийхээ хөрөнгөтнүүдийг мангас болчих вий гэж булшлах бүр ч аюултай гэдгийг коммунизмын түүх бидэн бэлхнээ харуулж байна. Хөрөнгөтнүүдийг буудсан коммунистууд өөрсдөө хөрөнгийнх нь эзэн болдгийг бид Хятадаас бэлхнээ харж байна. Овсгоо муутай зарим нь тартагтаа тулдгийг бид Куба, Хойд Солонгосоос харж байна. Бид энэ замаар яваад аль хэдийн үзчихсэн, алдаагаа дахин давтана гэдэг тэнэг хүний ажил гэдгийг санууштай.

Нэг улс – нэг баг

Олигархуудыгаа устгахгүй, олигархууддаа дарлуулахгүйгээр оршиж болдгийг АНУ төдийгүй ардчилсан, хөгжингүй олон орны жишээ харуулдаг. Олигарх гэж муушаагаад байгаа хэд маань үнэндээ энэ дэлхийн хүн амын 99 хувь нь хөхөж амьдардаг “саалийн үнээ” маань юм. Саалийнхаа үнээнд мөргүүлэхгүй, мөргөдөг гэж алаад, ганц удаа идчихгүй, өдрийн ундаа залгуулаад байх малч ухаанд л суралцах хэрэгтэй байна. Тийм ухааныг сурахад бусдын туршлага ч арвин байна.

Олигархуудтайгаа төр засаг, түмэн олон нь бас хамтран ажиллаж, дэмжих шаардлагатай. Манай олигархууд хятадын зах зээлд байр сууриа олоход нь төр дэмжиж, таатай нөхцөл олгох талаар ажиллах ёстой гэдгийг Оюу Толгой, Таван Толгойн ордыг эзэмшихийн төлөө тулаанд гүйцэтгэж буй Орос, Хятад, Америк, Канад, Япон, Солонгосын Элчин сайд нарын үйл ажиллагаа бидэнд тод томруун харуулж байна. Төрийн бодлого ийм байх ёстой гэж ярьдаг шиг, танай компанийн бодлого ийм байх хэрэгтэй гэж судалгааны хүрээлэн, их сургуулиуд нь зааж, зөвлөлдөж, түүнийхээ хариуд эргээд санхүүжилтээ авдаг байх ёстой.

Түмэн олон нь ч тэднийгээ дэмжиж, ЖДҮ нь үндэснийхээ брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн суурь болвол зохистой юм. Өмнөд Солонгосын Ульсан хотыг Хёндэгийн эзэнт улс гэдэг, тэнд Хёндэгийн автомашин, хүнд даацын усан онгоцыг үйлдвэрлэдэг том том үйлдвэрээс гадна, тэдгээр үйлдвэрт эрэг шураг, элдэв деталийг нь бэлдэж өгдөг,материалыг нь зөөдөг, тээдэг, хоолыг нь хийж, хувцсыг нь угаадаг үй олон ЖДҮ бүрэн утгаараа нэг систем болон ажилладаг. Ингэж л ах дүүсийн хооронд “томчуул нь багачуулаа чирж, хүн болгодог” үлгэр үндэсний эдийн засгийн системд амьдрал болдог байна.

Улс төрчид

“Дайн дажны үед, ан авын дараа, улс төрийн сонгуулийн өмнө гурав л хүмүүс аймаар их худлаа ярьдаг” гэж нэгдсэн Герман улсын суурийг тавьсан Отто фон Бисмарк хэлсэн байдаг. Сонгууль харсан улс төрчдийн ухаан дөрвөн жилийн настай албан тушаалаас хэтэрдэггүй гэдгийг мэдсээр байж, худал үгэнд нь итгэнэ гэдэг гэнэн хэрэг.

Харин алсыг харж, бодолтой хөдлөх хэрэгтэй. “Та нар дарлагдаж байна, олигархуудыг устгая, устгачихвал сайхан болно” гэж ярьж байгаа хүмүүс зуун жилийн тэртээ коммунист хувьсгал хийсэн. Дарлагдсан олноо жаргааж амжилгүй, алаан талаандаа хүрч, лам харгүй хядсан. Сонгосон зам маань буруу байжээ гэдгийг далан жилийн дараа ухаарч, замаасаа буцсан. Ухвар мөчид улс төрчдийн онгод нь орж, ам нь халахаараа билгийн нүд нь хиртэж, харалган болоод бүтэн далан жил үе дамжин хийсэн алдаагаа давтах тухай ярьж байна.

Олигархуудыг устгах ёстой гэж үү? Тэгээд дараа нь яах юм бэ? Саалийнхаа үнээг алчихаад, дараа нь яаж амьдрах вэ?

Үгүй. Саалийнхаа үнээг алж болохгүй. Саалийнхаа үнээнд мөргүүлэхгүй маллах малч ухаан хэрэгтэй. Үүнд л либераль ардчилал, хууль ёс, иргэний хяналт чухал юм.

Сарлагтай Отгонбаяр Машбат

http://mashbatotgonbayarsarlagtay.blogspot.ru/2012/08/blog-post.html