“Өндөр гэгээн Занабазар урвагч байгаагүй”

erdenezuu

Өндөр гэгээн Занабазарын түүх, улстөрийн амьдралд гүйцэтгэсэн үүргийн талаар “Хар хорум” нийгэмлэгийн тэргүүн, түүхийн ухааны доктор Д.Хоролдамбатай ярилцлаа. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой энэ жил тохиож буй юм.

-Өндөр гэгээн Занабазарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг манай эрдэмтэн судлаачид олон талаас нь судалсан байдаг юм билээ. Таны хувьд Өндөр гэгээнийг түүхэнд гүйцэтгэсэн үүргээс аль талыг нь түлхүү гаргахыг хүсдэг вэ?

-Өндөр гэгээн Занабазарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн гурван хэсэгт хувааж үзье л дээ. Нэгтдүгээрт, яагаад Өндөр гэгээнийг урвагч, Галданбошигтыг баатар хэмээн үзэх болов, хоёрдугаарт, Өндөр Гэгээн, Галданбошигт нарыг судалсан байдал, гуравдугаарт цаашдаа Өндөр гэгээн Занабазарын улстөрийн хүрээнд гүйцэтгэсэн үүргийг хэрхэн авч үзэх вэ гурван асуудлын хүрээнд ярихыг оролдоё. 1920-1930-аад онд евро ази дахинд коммунист үзэл суртал олон улсыг хамарсан байсан. Манайхнаар бол улстөрийн хэлмэгдүүлэлт ЗХУ, түүний дагаж байсан улсуудад газар авсан. Үүнтэй холбоотойгоор улстөрийн хэлмэгдүүлэлт 1920 оноос эхэлж 1950 он хүртэл үргэлжилсэн. Ялангуяа 1920-1940 оныг төрийн террор буюу жинхэнэ яраглал гэж томъёолж болохоор. Энэ үед Монгол Улс дахь хэлмэгдүүлэлт нийгмийн тэргүүлэх хэсгийг сорчилж хядсан эмгэнэлтэй түүх бий. Монгол дахь улстөрийн хэлмэгдүүлэлт гадаад учир шалтгаантай байсан. Энэ үед дор хаяж 30 мянган хүнийг хэлмэгдүүлсэн, нарийн судалгаагаар үүнээс ч илүү тоо гарна. Үүний 20 мянга нь лам нар байсан. Тухайн үед лам нарыг нийгмийн шаар шавхруу гэж үзэж байсан. Бас Чингис хааны суут угсааны буюу оюуны элит хэсэг, олон жил хадгалагдаж ирсэн оюуны гень фондыг устгах төлөвлөгөө явагдсан. Энэ явцад ЗХУ-ын удирдлагууд Монголын төлөөлөгчдийг удаа дараа хүлээн авч уулзахдаа лам нар, Чингис хааны угсааны хүмүүсийг устгахыг шаардаж байсан юм билээ. Тухайлбал 1933 оны арванхоёрдугаар сарын 29-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн яамны сайд С.Довчинг Сталин хүлээн авч уулзаад “Лам нар улсын доторх улс болжээ, Чингис хааны үед лам нарыг устгах хядах байсан” гэж хэлсэн байдаг. Сталин Монголд ийм яраглал хийхийг удаа дараагийн уулзалтандаа хэлж, зарим үед хэлсэн үүрэг даалгавар биелүүлсэнгүй хэмээн шаардаж байсан баримт бий. Сүүлдээ 1936 онд өөрийнхөө өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх Засгийн газар байгуулахыг хүссэн. Ингээд тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлаас энэ үүргийг аргагүй биелүүлсэн байдаг. Их хядлагын торгон үзүүр лам нараас эхэлж, Чингис хааны шууд угсааны тайж ноёдыг хомроглон хэлмэгдүүлж, хядсан. Үүний дараагаар үзэл суртлын үүднээс Чингис хаан, Өндөр Гэгээн тэргүүнтэн бол ангийн дайснууд гэх болж үүнийг дагаад үзэл суртлын ажил хүчтэй явагдах эхэлсэн. Өөрөөр хэлбэл, яргалалыг зөөллөх хаацайлахыг чухалчилж байсан юм билээ. Үүнээс хойш үзэл суртал гэгч зүйл шинжлэх ухаан, соёл урлаг төдийгүй түүхэнд нөлөөлсөн. 1940-1950 оны үеэс Чингис хаан, Өндөр гэгээнийг харгис үзэлтэн, дарангуйлагч байсан мэтээр бичиж, элдвээр хараах болсон л доо. 1955 онтой золгоход ЗХУ-ын эрдэмтдийн нөлөөгөөр Монголын эрдэмтэн судлаач, түүхчид “БНМАУ-ын түүх”-ийг бүтээсэн. Тэр дотор халхын феодалиуд Монголын тусгаар тогтнолыг бусниулсан, тэр дундаа Өндөр гэгээн харгис үүрэг гүйцэтгэсэн хэмээн тодотгож Галданбошигтыг эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч хэмээн товойлгож гаргаж ирсэн. Энэ бол Монголоос хамаарахгүйгээр ЗХУ-ын үзэл суртлын нөлөө.

-Өндөр гэгээн Занабазарыг түүхэнд урвагч гэдэг байдлаар бичсэн нь ямар улбаатай юм бэ. Магадгүй сэхээтнүүдийн үед энэ түүхийг үнэн зөвөөр нь бичиж үлдээх боломж байгаагүй юу?

-1950-иад оны дунд үе гэхэд эцгийгээ буудуулсан, ахыгаа хэлмэгдүүлсэн ядарсан сэхээтнүүдийн шинэ залуу үе гарч ирсэн. Тэд мэдээж жинхэнэ коммунист үзэл суртлаар угаагдсан хэсэг. Гэхдээ Монголд улстөрийн хэлмэгдүүлэлт болсон гэдгийг соргогоор харж байсан ч 1956-1964 онд 250 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлсэн. Энэ үеэс хойш түүхэн томоохон зүтгэлтнүүдээр бахархах зоригтон гарч ирээгүй. Гарч ирэх ч үндэсгүй болсон. Гарч ирлээ гэхэд намын эсрэг үзэлтэн хэмээн нухчин дарж байсан юм билээ. Энэ үед алданбошигтыг Манжийн түрэмгийллийн эсрэг тусгаар тогтнолоо хамгаалсан баатар, Өндөр гэгээн бол урвагч гэж гаргаж ирсэн. Энэ нь түүх бичлэгт нөлөөлж, 1966 онд хэвлэгдсэн БНМАУ-ын түүх гурван боть бүтээлийн хоёрдугаар ботид тусгалаа олсон. Бүр уран сайхны аргаар зохиол болгон хэвлүүлсэн нь ард түмний тархийг үндсэнд нь угаасан гэж хэлж болно. Бид түүхээ “Манан будан” зохиолоор л төсөөлдөг байлаа. Би ч гэсэн арван хэдэн настайгаасаа түүх сонирхож уншаад Өндөр гэгээн бол нэг лам, уран бүтээлч, Галданбошигт бол жинхэнэ баатар байжээ гэдэг ойлголттой болж байсан юмдаг. Гэтэл 1990-ээд оноос нийгэмд шинэчлэлийн салхи сэвэлзэж түүх бичлэгт ч нөлөөлсөн. Түүхэн зүтгэлтнүүдийг эргэж харах тал дээр судалгаатай ханддаг болсон. Гэхдээ 2003 оны түүхийн бүтээл дээр хуучин үзэл бараг л тэр чигтээ давтагдсан даа. Ер нь судлаад байхад Галданбошигт баатар, үндэсний эрх чөлөөний цогтой тэмцэгч байсан гэдэг нь ихээхэн эргэлзээтэй болж ирж байгаа юм. Бүр 1960-аад онд Ш.Нацагдорж тэргүүтэй хашир буурьтай эрдэмтэд бүтээлдээ тэмдэглэсэн ч тэр бүр хайхраагүй юмуу, хэвшмэл сэтгэхүйдээ тохируулж түүхийг бичиж ирсэн байдаг.

-Интернэтэд хайлт хийхээр Монголын нэрт урвагчдын эхэнд Өндөр гэгээн Занабазарыг оруулсан байна лээ?

-Судлаачийн хувьд үүнд их эмзэглэдэг. Арай ч ийм биш юмсан, залруулах юмсан, түүхийнхээ талаар үнэн бодитой ойлголт өгөх юмсан гэж бодож явдаг. Ер нь энэ интернэт орчныг ажиглаад байхад түүхийн шарласан хуудсыг эргүүлж, судалгаа хийдэг хүмүүсийг хаа нэгтээ зориг гаргаад юм хэлэхээр гутаадаг, жалга довны үзлээр ханддаг болсон байна. Эх түүхээрээ бахархах, өвгөдийн замналаа үнэн зөвөөр авч үлдэх нь бидний замыг залж өгдөг. Би Э.Бат-Үүл даргын өнгөрсөн түүх өнгөрсөндөө үлдсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Өвгөдийн зам бол биднийг залдаг. Тиймээс Өндөр гэгээний түүхэнд гүйцэтгэсэн түүхэн гавьяаг нь хэлэхээс айж, хулчийх шаардлагагүй. Бас Монголын, халхын, үндэсний аюулгүй байдалд гай тарьсан Галданбошигтын түүхэн үнэнийг гаргаж ирэхээс айх шалтгаан байхгүй.

-Занбазарын түүхэнд гүйцэтгэсэн үүргээс шашины зүтгэлтэн, соён гэгээрүүлэг, уран бүтээлч гэдгээс гадна улстөрийн зүтгэлтэн гэдэг байсан гэдэг зүйл цухас яригддаг. Түүнийг улстөрийн хүрээнд нөлөөтэй байсан гэдгийг батлах баримт түүхийн сурвалж бичигт хэр их байдаг вэ?

-Өндөр Гэгээнийг нэрт соён гэгээрүүлэгч гэдгийг саяхан болсон 380 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлаар тодотгож, төрийн зүтгэлтэн байсныг нь сулхан ч гэсэн хэлж байна. Үүний дунд 1650-иад онд болчимгүй залуу ноёд гарч ирээд улс орныг үймүүлсэн гэж манай нэг эрдэмтэн илтгэсэн. Түшээт хан Жахуундоржийг хэлж байгаа хэрэг л дээ. Жахуундорж бол 44 жилийн турш Халхын түшээт ханы ширээнд суусан хүн. Оросын түрэмгийллийн эсрэг өөрийн төрсөн дүү нар болох Өндөр гэгээн Занабазар, Шичирбаатар ноёны хамтраад Оросуудтай яриа хэлэлцээрийн арга замаар асуудлыг шийдэхээр ихээхэн хичээл зүтгэл гаргасан ноён. Эзэн Чингис хааны шууд угсааны хүн. Оросууд 1640-өөд онд Байгаль далайн баруун, зүүн талаар суурингууд байгуулан Монголын газар нутгаар түрж орж ирсэн. Манайхан эхлээд айл хөршийн ёсоор найртай байх бодлого явуулж, албан захидал илгээдэг, хил орчмын амбан захирагчидтай харилцсан байдалтай хэсэг явсан ч Оросууд түрсээр байсан. Бүр сүүлдээ Буриад, Халхуудыг дээрэмддэг, хүчирхийлдэг, эмс охидыг олзолдог, зэвсэгт мөргөлдөөн хийдэг болсон. Ингээд Оросын түрэмгийллийг зогсоохоор Манжаас зэвсгийн тусламж авсан байдаг. Зүүн хойд Хятад, Манж дайчин гүрний газар нутаг руу дайраад ирэхээр Халх, Манжууд Оросын түрэмгийллийг зогсоох тэмцэлд боссон байдаг. Ийм хариуцлагатай нөхцөлд 1688 оны эхээр Ойрадын Галданбошигт Орос руу дайрч орж ирсэн. Галдан үүний өмнө далай ламын даалгавраар дундад ази руу аян дайн хийж, есөн хотыг эзэлсэн байдаг. Дундад азиас нэлээд хүч сэлбэж, тулалдааны арга барилын хувьд туршлагатай болсон гэж үздэг. Энэ үед гадаад улстөрийн нөхцөл байдал ээдрээтэй болж, Монгол Улсын эргэн тойрны аюулгүй байдал эгзэгтэй болсон. Төвдүүдийн зүгээс шашинаар дамжуулж элдэв явуулга явуулдаг, Ойрадууд Халхуудтай байнга тэрсэлддэг, Оросууд газар нутгаар түрэмгийлдэг. Ийм үед цаашдаа хэрхэх вэ гэдэг асуудал хурцаар тавигдсан.

-Өндөр гэгээнийг их хувь ерөөлтэй мэндэлсэн гэдэг юм билээ. Чингис хааны шууд угсааны хүн гэдэг нь түүхийн талаасаа яаж холбогддог юм бэ?

-1634 онд Чингис хааны сүүлчийн хаан Лигдэн хутагт таалал болсон. Лигдэн хааны өөд болсны хойтон жил буюу 1635 оны намрын сүүл сарын 25-ны өдөр Түшээт хан Гомбодоржийн гэргий, Ханджамц хатнаас нэгэн ер бусын сайхан хөвгүүн төрсөн нь Өндөр гэгээн Занабазар. Ер бусын гайхамшигтай сайхан гэдгийг тухайн үеийн сурвалж бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэтэл манайхан үүнийг домог мэтээр ойлгодог л доо. Намрын сүүл сард хүүг мэндлэхэд солонго татаж, түүний мэндэлсэн буурин дээр цэцэг ургасан гэдэг. 17-р зууны эхэн үеийн Халх, Ойрадын төрийн бодлогод ураг удмын барилдлагыг төлөвлөж байсан нь Түшээт хан Гомбодорж зориуд Ойрадаас залуу хатныг залж авчран Өндөр гэгээн ерөөл, залбирлаар мэндэлсэн гэж үздэг. Өндөр гэгээн хэлд орох цагаасаа ном хэлдэг, үг хэл нь цэгцтэй ухаалаг хүүхэд байсан гэдэг. Монголчууд тэр даяараа Өндөр гэгээнийг мэндлэхээс өмнө өвөг дээдэстээ мөргөн залбирч байсан юм билээ. Өндөр гэгээнийг өсгөж, хүмүүжүүлэхдээ Монголын ирээдүйг авч явах хүн гэдгийг ойлгуулсан. Өндөр гэгээн дөнгөж 20 настайдаа 1655 онд өөрийн багшийн бие чилээрхүү байгааг мэдээд газар товчлон долоо хоногийн дотор 2500 км замыг туулсан гэдэг. Өндөр гэгээнийг ийнхүү газар товчлон очиход багш нь таалал болоод гурав хоносон байсан ч номын хүчээр багшийгаа эргэж амьлуулсан. Тэгэхээр Өндөр гэгээний гайхамшиг эндээс л тодорч байгаа юм. Бас гайхамшигтай зөнч хүн. Тиймээс Өндөр гэгээнийг ганцхан түүхийн, жалга довны үүднээс биш физикийн, филисоф, политлоги, логик, археологи, геометр, архитектур, тэжээхүйн гээд шинжлэх ухааны бүх талаас нь судлах ёстой гэж боддог. Ингэж байж Өндөр гэгээн судлал чанарын өндөр түвшинд гарна. Ингээд 24 настайд нь Эрдэнэ зуу хийдэд болсон Халхын ноёдын чуулганы тэргүүнд заларсан. Өөрөөр хэлбэл улстөрийн чуулганы тэргүүнд заларсан.

-Галданбошигттой учраа ололцох боломж байсан гэдэг зүйл их ярьдаг. Судлаачийн хувьд тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан юм бэ?

-Тийм зүйл ярьдаг л даа. Манай түүх бичлэгт ч тийм зүйл бий. Өндөр гэгээнийг нэг буруутгадаг нэг үндэслэл нь энэ л дээ. Гэхдээ хэл амаа ололцох ямар ч үндэс байгаагүй. Үндэс язгуураа бодсон ч, Эзэн Чингис хааны гал голомтыг Халхчууд манаж байгаа гэдэг үүднээсээ ч тэр. Халхын баруун зүүн гарын доторх зөрчлийн асуудал энд яригдана. Тэр бол үнэн чанартаа албат иргэдээ булаацалдсан Халх улсын дотоод асуудал. Гэтэл үүнд Ойрад улс хөндлөнгөөс оролцож, Халхын засагт хааныхан Ойрадын ноёдтой ураг удмын бат хэлхээ холбоо үүсгэж амжсан байсан. Халхын Засагт хааныхан Галданбошигттой нэлээд ойр харилцаатай байсан нь Халхын нэгдмэл эрх ашгийг хөнддөг. Тэгэхээр нэгдмэл байх гэсэн улстөрийн үзэл санаа алдагдаж таарна. Түшээт хааныг Галданбошигтын цэрэг Доржжавыг алсан гэж буруутгадаг. Гэтэл эх сурвалжийн баримтаар Түшээт хан биш манай илжигний ноёдууд Доржжавтай жижигхэн байлдаан хийгээд байлдааны явцад Доржжав хороогдсон байдаг. Сүүлийн үеийн судалгаагаарТүшээт хааныг буруутгах үндэслэлгүй нь нотлогдож байгаа.

-Хүрэн бэлчирийн чуулганд чухам ямар үйл явдал болсон юм бэ. Эндээс дайныг өдөөсөн гэдэг үнэн үү?

-Хүрэн бэлчирт Монголчууд эв эеэ ололцохоор цугласан. Гэтэл цаагуураа Түвдүүд Галданбошигтыг турхирч байсан нь олон жилийн судалгааны явцад нотлогдсоор, баримтаар сэлбэгдсээр байна. Түвдийн тэр үеийн улстөрийн бодлого Манжийн нөлөөг өөр тийш нь чиглүүлэх байсан. Энэ бодлогодоо өөрийн шавь Галданбошигтыг чадамгай ашиглаж, Ойрадуудыг Халх руу турхирах ажиллагаа явуулсан. Тухайн үеийн Манж чин гүрэн Азийн соёл иргэншлийн төв байсан. Соёл иргэншлийн төв хүчтэй үед хагаралдах нь нэн аюултай байсан гэдгийг манай өвөг дээдэс мэдэж байсан байх нь. Гагцхүү Монголчуудын эв эеэ хичээдэггүй ноцтой дутагдлын уршгаар 17-р зуун гэхэд тэр соёл иргэншил Манж чин гүрний хүрээ болж орж ирж байгаа юм. Нэг онцлог нь Манжийн хаад өөрсдийгөө тэнгэрийн хөвгүүн гэж үзэж байсан. Энэ чанараараа Монголчуудтай иргэншил, шүтлэг, зан заншлаараа нэлээд ойролцоо байсан гэж хэлж болохоор. Оросын аюул газар нутгаар түрж байсан ч хүчтэй арми бол орж ирээгүй. Тэгэхээр манайх умард нутгаа тийм амархан алдахааргүй байсан. 1670-1680-аад онд хоёр хөршөөс их цэрэг хөдөлгөх бодолгүй байсан нь судалгаанаас харагддаг. Харин Галдан их цэрэг удирдан орж ирээд бурханы шашны төвүүдийг сүйтгэж, ном судрыг шатааж, энгийн ардыг хүртэл хөнөөсөн байдаг. Галдангийн дайралт бол зүгээр хөөгөөд яваад байсан хэрэг биш. Аян дайн учраас аллага, хядлага хийж байсан нь тодорхой байдаг.

-Өндөр гэгээн судлал өнөөдөр аль шатанд явна вэ. Жишээ нь таны яриад байгаа Өндөр гэгээн урвагч байгаагүй гэдгийг судлаачид хэр сонирхон судалж байгаа бол?

-Өндөр гэгээн судлал нэг үеэ бодвол жигдэрчихлээ. Эрдэмтэн судлаачид их анхаардаг болсон байна. Үүнийг дагаад үндэс язгуураа дээдэлдэг, дэвшилтэт үзэлтэй хүмүүс, төрийн бодлого тодорхойлогчид олон болсон нь эрдэмтдэд дэм болж байна. 1995 онд намайг 20 настай байхад Өвөрхангайн Есөнзүйл суманд нижгэр сайхан наадам хийж, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. 2005 онд мөн л олон улсын эрдэм шинжилгээний хурал хийсэн. Энэ бүхэн судалгааны материаллаг баазыг баяжуулсаар байдаг. Эрдэмтэн судлаачид 10-50 жил түүхтэй ноцолдсон хүмүүс. Төрийн бодлогыг Ю.Цэдэнбал барьж байхад үзэл сурталд тохируулах. Ш.Нацагдорж гуайг Монголын түүхийг сайтар судалсан гэж эрдэмтэд нэгэн дуугаар хэлнэ. Харамсалтай нь төдийлөн анзаардаггүй байж. Сүүлийн үед судлаачид Өндөр гэгээн судлалыг ихээхэн сонирхдог болсон. Энэ жил олон улсын эрдэм шинжилгээний хурал гурав дахь удаагаа боллоо. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээн судлал чанарын шинэ шатанд гарсан гэж хэлж болно. С.Ичинноров тэргүүтэй эрдэмтэд нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл туурвисан л даа. Мөн Хүрэлбаатарын “Огторгуйн цагаан гарьд” бүтээл бий. Гэвч нэмж судлах зүйл гарч ирсээр байна.

Манж нар өөрсдөө цөөн учир угсаатны шинжтэй дарангуйллыг үзүүлж чадаагүй. Хятадын хүн далай, цөөхөн Монголчуудын дунд Манж улсаар хаалт хийж чадсан. Манж нар ч гэсэн олон живаа хүнтэй Хятадад эрх мэдлээ алдахгүйн төлөө үндэс угсаа нэгтэй Халхчуудтай ойр байхыг эрмэлзэж байсан гэдэг. Хэдийгээр гуравдугаар богдоос эхлэн Түвд хүнийг Богдын дүрээр тодруулсан ч Богд гэдэг институтыг бий болгож чадсан. Монголчууд үндэсний хэв шинжээ хадгалсаар 20-р зуунтай золгоход Өндөр гэгээн Занабазар гарамгай гавъяа байгуулсан. Өндөр гэгээнийг бид үнэхээр шүтээнчилж үзэх ёстой. Үүнд маргаан байхгүй. Түүх сонирхогчдын зүгээс янз бүрийн зүйл хэлдэг ч огт тоож хэрэгсэх хэрэггүй.

-Өндөр гэгээн 88 насандаа өөд болсон гэдэг. Яагаад Монголдоо байж чадаагүй юм бол?

-Манжийн ордонд нэлээн удаан амьдрахдаа Галдангийн самууны үед ирж очин явдаг байсан. Манжийн хаан Өндөр гэгээнийг урьдаг байсан байгаа юм. “Халхын богдыг тэсгэлгүй их санахын учир” гэх зэрэг үг хэллэг бий. 1722 онд Манжийн Энх-Амгалан хааныг өөд болсны дараа жил Өндөр гэгээн өөд болсон. Энх-Амгалан хаан 14-р хөвгүүнээ хаан болгохоор гэрээсэлсэн ч нэгийн тоон дээр нь бэх дусааснаас болж Найралтөв гэдэг хөвгүүн нь хаан ширээнд сууж эцгийн ойр байсан дээдсийг хороогоод Халхын богдыг мөн улстөрийн аллагад оруулсан гэдэг. Нэг ёсондоо ордны эргэлт маягийн юм хийсэн хэрэг. Үүндээ Шаравдорж гэх Өндөр гэгээний шавийн хэтэрхий их сүсэг биширлийг ашиглаж тэдий хугацаанаас өмнө Өндөр гэгээнийг таалалд болгохгүй бол төрсөн нутаг Монголдоо эргэж төрөхгүй хэмээн гарцаагүй байдалд оруулж, хулсан хутгаар сүлбэж хөнөөсөн гэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

www.news.mn